ДЭМБ-ын тайлан мэдээлэлд дурдсанаар дэлхий даяар жил бүр 18 сая хүн зүрх судасны өвчлөлөөр нас бардаг байна. Зөвхөн АНУ-д гэхэд л энэ өвчнөөр 36 секунд тутамд нэг хүн нас бардаг гэсэн судалгаа бий. Дэлхийд энэ төрлийн өвчнөөр нас барагсдын тоо хавдрын дараа ордог бол харин манай улсын тухайд хавдрын өмнө орж байгаа юм.
Сүүлийн үед зүрх судасны өвчлөл улам бүр залуужиж байгаа нь хүний амьдралын хэв маяг, дасгал хөдөлгөөний дутагдал, буруу хооллолттой холбоотой аж. Зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд жин, цусны даралт болон холестериныг хэвийн хэмжээнд байлгах, чанартай нойр авч, тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь чухал.
Мөн архи тамхины хэрэглээг хязгаарлаж, ханасан өөх тос, элсэн чихрийн хэмжээг багасган эрүүл хооллох хэрэгтэй.
Тэгвэл саяхны нэгэн судалгаанд долоо хоногт хамгийн багадаа хоёр авокадо жимс иддэг хүмүүсийн зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал огт иддэггүй эсвэл маш бага иддэг хүмүүстэй харьцуулахад 21 хувиар бага байжээ. Тус судалгааны үр дүн эрчүүд болон эмэгтэйчүүд дунд ижил хувьтай гарсан бөгөөд авокадог цөцгийн тос, бяслаг, тараг болон боловсруулсан махны оронд хэрэглэхэд зүрхний шигдээсээр өвдөх магадлалыг бууруулдаг болох нь тогтоогджээ.
Боловсруулсан мах буюу зайдас, хиам, утсан болон хатаасан мах зэрэг нь хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмдэг. Учир нь удаан хадгалахын тулд хорт хавдар үүсгэгч бодисууд ашигладаг байна. Хоол тэжээлийн мэргэжилтэн доктор Дэвид Кат хэлэхдээ “Авокадогийн бүрэн ашиг тус нь энэ жимсийг өөрийн өдөр тутмын хэрэглээндээ оруулж эрүүл бус хоол хүнсийг хэрэглээнээсээ хассанаар гарч ирнэ” гэж хэлжээ.
Авокадо жимсний тухайд
Авокадо нь Мексикийн өмнөд хэсгээс гаралтай бөгөөд эрүүл өөхний өндөр агууламжтай, эрүүл мэндэд ач тустай жимс юм. Энэхүү жимс нь антиоксидантаар баялаг. Хоол хүнсэндээ уг жимсийг тогтмол хэрэглэж чадвал та 20 гаруй нэр төрлийн амин дэм болон эрдэс бодисоо авч чадна гэсэн үг.
- Амин дэмээр баялаг, уураг тослогийн агууламж өндөр тул арьсыг толигор болгож, хөгшрөлтийг удаашруулна
- Илүүдэл натрийг биеэс гадагшлуулна
- Чихрийн агууламж багатай, эслэг их агуулдаг учраас цатгалан мэдрэмж төрүүлж, жингээ барихад тустай
Жимсний болцыг хэрхэн таних вэ?
- Ногоон өнгөтэй авокадо: 2-4 өдөр боловсруулсны дараа идэхэд тохиромжтой.
- Хар ногоон өнгөтэй авокадо: 1-2 өдөр боловсруулсны дараа идэхэд тохиромжтой.
- Бараан хар өнгөтэй авокадо: Шууд хэрэглэхэд тохиромжтой. Мөн жимсний орой хэсгийг дарахад зөөлөн эсвэл цөмөрч байвал болц хэтэрсэн гэсэн үг. Харин зүсэж үзэхэд дотор талд нь цөөн тооны хар судал үүссэн нь муудсан гэсэн үг биш.
Хэрхэн хадгалах вэ?
Болц гүйцээгүй авокадо: Алим гадилтай хамт цаасан уутанд хийж хадгалвал хурдан боловсордог. Учир нь алим, гадил нь байгалийн этилений хий ялгаруулдаг ба энэ нь авокадогийн болцыг хурдасгадаг.
Болц гүйцсэн авокадо: Бүрэн болсон авокадог хөргөгчид хадгалах шаардлагатай бөгөөд аль болох хурдан хэрэглэх хэрэгтэй. Хальслаагүй бол хүнсний скочоор агаар нэвтрүүлэхгүй ороож хөргөгчид хадгална. Хальсан авокадог тэр дор нь идэх нь зүйтэй бөгөөд хэрэв хадгалах шаардлагатай бол нимбэгний шүүс түрхэж, вакум саванд хийж, хөргөгчид хадгалбал 1-2 өдөртөө хэрэглэж болно.
Сүүлийн сэтгэгдэл